-1

“Шүүхийн үйлчилгээний хүртээмж ба цахимжуулалт” зөвлөлдөх уулзалт болж байна

2024-03-26    |   260

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг АНУ-ын Аризона Мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт М.Брютинел, тус мужийн Шүүхийн захиргааны дарга Дейв Байерс, тус улсын элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авлаа. Энэхүү зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Ажлын албаны дарга, нэгжийн дарга нар, шүүхүүдийн тамгын газрын дарга, мэдээлэл технологийн ажилтнууд танхимаар болон цахимаар оролцож байна.

      Уулзалтыг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг “Монгол Улсын шүүхийн цахимжуулалтын шинэ бодлого хэрэгжиж буй энэ цаг үед та бүхэнтэй уулзаж буйдаа талархаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 онд Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогыг баталсан. Өнөөдөр бид энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хариуцлагатай үүргийг хүлээж буйн хувьд хүндэт зочдын хуваалцах туршлага, санал санаачилга туйлын үнэ цэнтэй байх болно гэдгийг дуулгахад таатай байна” гэв.

      Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг Монгол Улсын шүүхийн цахимжуулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. АНУ-ын Аризона Мужийн шүүхийн цахимжуулалтын туршлагаас хуваалцан Монгол Улсад шүүхийн цахимжуулалтын бодлого хэрхэн хэрэгжиж буй талаар мэдээлэл хүргэж байна. Түүнчлэн хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, кибер аюулгүй байдлыг хангах, улмаар гарах үр дүнгийн талаар санал солилцоно.

      Уулзалт “Шүүхийн үйлчилгээний хүртээмж ба цахимжуулалт” сэдвийн дор АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын хуульчдын холбооноос хамтран хэрэгжүүлж буй “Юу Эс Спийкерс (US Speakers)” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар уг уулзалтыг шууд дамжуулж байна.


Хэвлэл мэдээллийн хэлтэс

. . .