-1

Магадлалын хураангуй №12: Газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээгүй өргөтгөлийн барилгыг улсын бүртгэл бүртгэхгүй

2023-04-20    |   414


Шийдвэрийн дугаар: 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн  221/МА2023/0110 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.


        Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчаас Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэгч “ТЧ” ХХК-ийн гомдлоор хяналт шалгалт хийж, 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийг “өргөтгөлийн барилгыг бүртгүүлэхдээ эд хөрөнгийн талбайг давхардуулж, өмнөх бүртгэл хүчинтэй байхад бүртгэсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хавсаргаагүй,” үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2***** дугаарт бүртгэгдсэн 11-**** дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч уг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Э-Б-ээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

       Анхан шатны шүүхээс улсын байцаагчийг үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч биш этгээдийн гомдлоор эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

       Давж заалдах шатны шүүхээс улсын бүртгэлийн байгууллага гэрчилгээ олгохдоо эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууцны ашиглалтыг хориглосон орон сууцны зориулалтыг өөрчилсөн, өргөтгөлийн хэсэгт хамаарах газрыг хуульд заасан журмын дагуу өмчилж эзэмшээгүй, өмнөх бүртгэл хүчинтэй хэвээр байхад бүртгэл хийсэн нь буруу байх тул улсын байцаагчийн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

       Иймд, анхан шатны шүүхийн эрх нь зөрчигдөж байгаа этгээдийн өргөдлийг үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулахаар байна гэх дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.


САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал болно.


Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/5590?daterange=2023-01-01%20-%202023-04-14&id=2&court_cat=3&bb=1

Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүү

 

. . .