Шийдвэрийн хураангуй №2 Ашигт малтмалын маргаан
2022-09-30 | 1115Туршилтаар
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Шүүхийн шийдвэрийн дугаар:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.11 өдрийн №15 дугаар шийдвэр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MY-009464 тоот тусгай зөвшөөрөлтэй “Б...” ХХК нь элс хайрга олборлох, боловсруулах үйлдвэрийн 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт танилцуулж, хүргүүлсэн боловч 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 02/155 дугаар албан бичгээр “... “Б...” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй орд элс хайрга боловсруулах үйлдвэрийн 2018 оны үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээ хүлээн авах зааврын 4 дүгээр хэсэгт дурдсан шаардлагын дагуу боловсруулж ирүүл” гэх хариуг өгсөн байна.
Үүнтэй холбогдуулан “Б...” ХХК Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/22 дугаар тушаалаар батлагдсан “төлөвлөгөө, тайлан хүлээн авах журам” 2 дугаар хавсралтын 4.1.1, .4.1.2, .4.5.3, 4.5.4, 4.5.8, .4.5.10, 4.5.11 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэхийг тулган шаардаж 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж хүлээн авч зөвшөөрөл өгөөгүй” гэж тайлбарлан маргасан.
Шүүх нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан “төлөвлөгөө, тайлан хүлээн авч, ирүүлэх” талаар хандсан зүйлгүй, тэдгээрийн хооронд харилцаа үүсээгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар зохицуулсан, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б...” ХХК-ийн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн Засаг дарга хүлээн авахтай холбогдох харилцаанд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан заавар үйлчлэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хураангуй бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан