Шийдвэрийн хураангуй №1 Хэм хэмжээний акттай маргахад нэхэмжлэгчийн субъектив эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй байхыг шаардана.
2022-09-30 | 1032Туршилтаар
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно
Шүүхийн шийдвэрийн дугаар:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.16 өдрийн №13 дугаар шийдвэр
Иргэн Жав Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271, 2017 оны 27 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “тогтоолууд ЗЕХ зөрчсөн, Миний бие Жав нь ... банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан боловч ... 2016 оны 271 тоот тогтоол нь энэ төрлийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх болон холбогдох тусгай зөвшөөрөл авах миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тайлбарлан маргасан.
Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2,500,000,000 /хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг байхаар шинэчлэн” тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарь”-ийг баталсан байна.
Шүүх дээрх 271, 27 дугаар тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 63 дугаар зүйлийн 63.1, 67 дугаар зүйлийн 67.2-т заасан нөхцөл шаардлагуудыг зөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх боловч захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар нэгэн хуультай зөрчилдсөн тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой.
Гэтэл нэхэмжлэгч хүсэлтээ тус хороонд гаргаж байгаагүй, нэхэмжлэлд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байдал үүссэн талаарх үндэслэлийг нотлох баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, энэ үндэслэлийг зааж маргаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хураангуй бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан