Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Магадлалын хураангуй №1: ААН-д Үйлдвэрлэлийн осол

Магадлалын хураангуй №1: ААН-д Үйлдвэрлэлийн осол

2024-02-27   |   Админ   |   170   |  


Шийдвэрийн дугаар: 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2023/0663 магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.


        “М” ХХК-д бохирын машины жолоочоор ажилладаг иргэн Н ажил үүргээ гүйцэтгэж байхдаа биеийн байдал нь муудан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

Энэ нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаас “М” ХХК-д хяналт шалгалт  хийж, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 21-06... дугаар “Үйлдвэрийн хурц хордлогын тухай” дүгнэлтийг гаргаж, ажилтан Н-г үйлдвэрлэлийн хурц хордлогод орсонд тооцож, “М” ХХК-г хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж дүгнэсэн.

        Нэхэмжлэгч компаниас “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар улсын байцаагчид зөвхөн үйлдвэрлэлийн хурц хордлогын талаарх гарсан дүгнэлтийг хянах эрх хэмжээ олгогдсон байтал хариуцагч улсын байцаагч нь өөрөө бие даан хурц хордлого болохыг тогтоосон нь хууль зөрчсөн” гэж маргажээ.

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 001/ХТ2020/0155 дугаар тогтоолоор  “... хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь хурц хордлогын дүгнэлтийг огт гаргах эрхгүй гэж үзэхээргүй ... хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2-ийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь ажил олгогчийн байгуулсан комиссын гаргасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргахаар байгаа нь агуулгын хувьд өөрөө “бие даасан” дүгнэлт гаргах эрхтэй” хэмээн дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд “иргэн Н 2018 онд... ажил үүргээ гүйцэтгэх үедээ биеийн байдал муудан эмнэлэгт хүргэгдсэн гэх үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирлын 2018 оны 137 тоот тушаалаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс” хууль дүрэмд заасан журмын дагуу ажиллаагүй. ... Үүний улмаас хариуцагч улсын байцаагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч нарын 2019 оны ...  хамтарсан үзлэгийн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан байх тул тухайн дүгнэлтийг хууль бус хэмээн үзэх боломжгүй” хэмээн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.


САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал болно.


Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/6324?daterange=2023-01-21%20-%202023-12-20&id=2&court_cat=3&bb=1

Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга