Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Магадлалын хураангуй №8 Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэн төлбөрөө өөрөө бүрэн хариуцна

Магадлалын хураангуй №8 Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэн төлбөрөө өөрөө бүрэн хариуцна

2023-05-24   |   Админ   |   442   |  

Туршилтаар


Шийдвэрийн дугаар: 2022.06.22-ны өдрийн 221/МА2022/0447 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2023 он 05 сар 24 өдөр, шийдвэр-хураангуй: дугаар 8


       Ахмад настан Ц нь “хөгшрөлтийн бүрэн бус болрын цийлт” оношоор нүдний эмнэлэгт үзүүлэн, хэвтэн “баруун, зүүн нүдний болор солиулах” мэс засалд орж эмчилгээний зардалд нийт 2 700 000 төгрөг төлж, уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нөхөн олгохыг шаарджээ.

      Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

      Ахмад настан харах эрхтний ортопедийн хэрэгслийн үйлчилгээний зардлын үнийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журамд заасны дагуу даатгалын гэрээтэй байгууллагаар үйлчлүүлж дэмжлэгээ авах ба ингэхдээ зөвхөн эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх эрхтэй.

      Гэтэл нэхэмжлэгч Ц-гийн үйлчлүүлсэн нүдний хувийн эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулаагүй, даатгалын харилцаа үүсээгүй байна.

      Иймээс нэхэмжлэгч Ц нь Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулаагүй, даатгалын харилцаа үүсээгүй хувийн нүдний эмнэлэгт нүдний болор солиулах мэс заслын эмчилгээний зардалд төлсөн төлбөрийг, хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй.


   Санамж:

      Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: www.shuukh.mn

Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа