Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН УР ЧАДВАРТ ТУЛГУУРЛАСАН МЕНЕЖМЕНТ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН УР ЧАДВАРТ ТУЛГУУРЛАСАН МЕНЕЖМЕНТ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

2023-03-07   |   Админ   |   622   |  

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан шүүхийн захиргааны байгууллагуудын зүгээс олон ажил, арга  хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний нэг нь шүүхийн захиргааны албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлагыг дээшлүүлэх, хувь хүний зан төлөвт суурилсан менежмент хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.

       Энэ хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар хамтарсан “Өөрчлөлтийн нөлөөлөл, үнэ цэнэ” сэдэвт сургалт, уулзалтыг 2023 оны гуравдугаар сарын 4-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн “Ногоон танхим”-д зохион байгууллаа. Уулзалт, сургалтаар туршлага солилцох, эерэг нөлөөллийг түгээх, манлайллыг таниулах зорилготой.

       Арга хэмжээг нээж Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар үг хэллээ. Тэрээр “Шүүх эрх мэдлийн шинэчлэл, өөрчлөлтийн энэ цаг үед Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн бодлого төлөвлөлт, шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад анхаарч, шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.  Шүүхийн менежментийн үйл ажиллагаагаар бусад шүүхүүдээ тэргүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс санаачлан “Өөрчлөлтийн нөлөөлөл, үнэ цэнэ” сургалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, шүүхийн шинэчлэл, өөрчлөлтийг дэмжсэн сургалт болж байгаад талархаж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

        Үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Б.Батцэцэг сургалтын зорилгыг танилцуулаад, “Энэхүү сургалтыг дараа, дараагийн шүүхийн Тамгын газрууд хамтран зохион байгуулах эхлэл болж байна. Үр дүнд нь шүүхийн захиргааны менежмент сайжрах өндөр үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Түүнчлэн сургалтад оролцохоор хүрэлцэн ирсэн ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын захиргааны албан хаагчдын төлөөлөлд хандан талархал илэрхийллээ.

       Хөтөлбөрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд “Шүүхийн захиргааны албан хаагчдын өөрчлөлтийн нөлөөллийн сургалт” сэдвээр ярилцав.

       Тэрээр Засгийн газрын 193 дугаар тогтоолоор баталсан шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын цалингийн шатлал ТЗ-6, ТЗ-7 зэрэглэлийн адил төрийн захиргааны албан тушаалтны цалингийн шатлалаас өндөр тогтоогдсон, төрийн жинхэнэ албаны ТЗ-1, ТТ-1 зэрэглэлийн албан тушаалтны буюу Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн тусгай чиг үүргийн бүхий тохируулагч агентлагийн дарга нарын цалинтай тэнцүү байгаа байдлыг харьцуулсан байдлаар судалгаа, тоон үзүүлэлт танилцуулсан юм.

       Иймд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчдаас шүүхийн захиргааны албан хаагчдын  мэдлэг, ур чадвар, хариуцлага өндөр байж, хувь хүний манлайлал, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн, ёс зүй, харилцаа хандлагадаа сэтгэлгээний өөрчлөлт хийж, ажлын бүтээмжээ өсгөх, мэргэжлийн болон мэргэшсэн шүүхийн захиргааны албан хаагч болж төлөвшин ажиллах хэрэгцээ шаардлага зайлшгүй буй талаар сануулж байв.  Ярилцлагын төгсгөлд “Өнөөдөр миний ажлын хамгийн сайхан өдөр” гэдэг үгийг хэлээд, шүүхийн захиргааны алба хаагчид өдөр бүр анх ажилд орсон өдөр шигээ ажиллах сэтгэлгээний дадлыг өөртөө суулгахыг зөвлөлөө.

       Уулзалтын дараагийн хэсэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал “Хувь хүний зан төлөв” сэдвээр сургалт орлоо. Сургалтаар  хувь хүн өөрийн байгалиас өгөгдсөн суурь зан төлөв, бусдын зан төлөв, үнэт зүйлийг мэдэж авснаар ажлын бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэхээс гадна, хамт олон, гэр бүл, нийгмийн дунд ч зөрчил үүсэхээс сэргийлж, аз жаргалтайгаар амжилтад хүрэх арга зам бий талаар мэдээлэл хүргэв. Мөн “Мэдлэгийг олж авах амархан түүнийг ойлгож, хэрэгжүүлснээр л та ажил, амьдралдаа амжилт гарна” гэж зөвлөлөө.

       Уулзалт, сургалтын төгсгөлд оролцогчид харилцан туршлага, мэдээлэл солилцож, залуу үеийн төлөөлөл, ахмад үеийн төлөөлөл болон зочин оролцогчдын сэтгэгдлийг сонсов.

       Ахмад үеийн төлөөлөл болох СХДИХАШ-ны шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Д.Улаан “Шүүхийн шинэтгэл өөрчлөлтийн энэхүү цаг үед шүүхийн захиргааны ажилтнуудад тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Шүүхийн тухай хууль бусад хууль тогтоомжийн талаар сонирхолтой байдлаар судалгаатай тоон харьцуулалттай, мөн хувь хүний хөгжил, өөрийгөө тодорхойлсноор хандлагаа хэрхэн эерэг болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх талаар шүүгч, шүүхийн тамгын газрын дарга нар маань сургалтыг зохион байгуулсанд талархаж байна.

       Бид бүхэн цаашид шүүх дотроо ажиллаад байх биш бусад байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхтэй холбоотой мэдээллийг харьцуулан өдөр тутмын ажилдаа танин мэдэхүйн хэлбэрээр ашиглаж байх нь зүйтэй санагдлаа” гэсэн юм.

       Уг уулзалт, сургалтыг зохион байгуулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нь 2022 оны ажлын үр дүнгээр “Шилдэг менежменттэй тамгын газар”-аар шалгарч байсан юм.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

/2023.03.04/