Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Процессын хураангуй №1 Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй тохиолдолд нэхэмжлэл гаргах хугацаа хамаарахгүй

Процессын хураангуй №1 Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй тохиолдолд нэхэмжлэл гаргах хугацаа хамаарахгүй

2023-02-28   |   Админ   |   426   |  

Туршилтаар


Шийдвэрийн дугаар: 2022.11.21-ний өдрийн 221/ШТ2022/0957 дугаар тогтоол

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

2023 он 02сар 28 өдөр, процессийн хураангуй: №1


       Иргэн Сүрэн нь Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0176851 дүгээр шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

      Анхан шатны шүүх “..Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад, гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар заажээ.

      Нэхэмжлэгч Сүрэнгээс захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хамаарахгүй байхад анхан шатны шүүх “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй.

      Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.


       Санамж:

       Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


       Хураангуй бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл