Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Магадлалын хураангуй №4 Түрээсийн төлбөрийг гадаад валютаар тооцсон тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ

Магадлалын хураангуй №4 Түрээсийн төлбөрийг гадаад валютаар тооцсон тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ

2023-01-26   |   Админ   |   448   |  

Туршилтаар


Шийдвэрийн дугаар: 2022.08.25 221/МА2022/0575

Шийдвэрийг төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023 он 01 сар 26 өдөр, шийдвэр-хураангуй: №4


       Үл хөдлөх эд хөрөнгийн түрээс, зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг “К” ХХК-д зарим үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг өөрийн фейсбүүк хуудсаараа ам.доллараар зарлан сурталчилсан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуультай зөрчилдсөн гэж үзэн торгох шийтгэл ногдуулжээ.

      Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж, …хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх шийтгэлийг үндэслэлтэй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээхдээ өөрийн фейсбүүк хуудсаар түрээсийн төлбөрийг ам.доллараар зарлан сурталчилсаныг албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валютаар түрээсийн үнэ тогтоосон, мөн зарлан сурталчилсан байна гэж үзсэн болно.

      Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан тул үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх “үйлчилгээ”-нд энэ хууль нэгэн адил мөрдөгдөнө.

      Дээрх шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн тахимын хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээсэн байна. 


Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 


Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/5402?daterange=2022-08-25%20-%202022-08-25&id=2&court_cat=3&bb=1

Хураангуй бичсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Э.Лхагвасүрэн