Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Магадлалын хураангуй №3 ЛАНГУУНЫ БОЛОН КАССЫН ҮНЭ ХООРОНДОО ЗӨРВӨЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Магадлалын хураангуй №3 ЛАНГУУНЫ БОЛОН КАССЫН ҮНЭ ХООРОНДОО ЗӨРВӨЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

2023-01-19   |   Админ   |   496   |  

Шийдвэрийн дугаар: 2023.01.05   221/МА2023/0034

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй


      Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас 2022 оны 8 дугаар сарын 17-ноос 31-нийг хүртэлх хугацаанд супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа холбогдох хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт явуулж, “С” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт худалдаалж буй бүтээгдэхүүнээс түүврийн аргаар 10 ширхэг бараа, бүтээгдэхүүний лангуун дээрх үнийг кассын үнэтэй тулгаж үзэхэд “А” ХХК-ийн дээдийн дээд 1 кг гурилын үнэ лангуун дээр 2440 төгрөг, харин кассанд бичүүлэхэд 2560 төгрөг гэж зөрүүтэй гарсан тул 5 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

     “С” ХХК-ийн зүгээс тухайн үед шинэчлэгдсэн үнийг хэвлэж, лангуун дээр нэг бүрчлэн байрлуулах үед хариуцсан ажилтны алдаа гарснаас бус лангууны бусад хэсэгт дээдийн дээд гурилын шинэчлэгдсэн үнийг байршуулсан байсан, тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан бараа, бүтээгдэхүүний талаарх үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй гэж маргасан боловч анхан шатны шүүхээс худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний лангуу болон кассын үнэ дээрх байдлаар зөрүүтэй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, шийтгэл ногдуулсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

     Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээхдээ бараа, бүтээгдэхүүний өмнөх буюу хуучин үнийг солих ажиллагаа хийгдэж байсныг үгүйсгээгүй, гагцхүү ажилтны хариуцлага алдсан эсэхээс үл хамааран лангуун дээр “А” ХХК-ийн дээдийн дээд 1 кг гурилын үнийг 2440, 2560 төгрөг гэж зөрүүтэй байршуулсан бодит нөхцөл байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн, зөв мэдээлэл олж авах, …боломжоор хангагдсан байх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах барааны нэр төрөл, үнийн талаар бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.

     Иймд лангууны болон кассын үнэ хоорондоо зөрсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн нь зөв гэж шийдвэрлэв.


Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн