Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Процессын хураангуй №1 Тусгай журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зарим шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй

Процессын хураангуй №1 Тусгай журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зарим шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй

2022-08-29   |   Админ   |   73   |  

Туршилтаар

Шүүгчийн захирамжийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022.03.25 өдрийн №681 дугаартай захирамж

Хүчин төгөлдөр болсон


     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “ШД” ХХК“ мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас болон зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулахаар гаргасан албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан байна.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Өнөрөөс уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжийг Өнөр эс зөвшөөрч хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргааныг шүүх тусгай журмаар хянан шийдвэрлэх бөгөөд ийм маргааны хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй байдаг.

     Энэ үндэслэлээр, иргэн Өнөрийн гаргасан “гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн” шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхээс татгалзаж, гомдлыг буцааж шийдвэрлэв.


Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Хураангуй бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан