Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Магадлалын хураангуй №2 Газрын маргаан

Магадлалын хураангуй №2 Газрын маргаан

2022-08-05   |   Админ   |   526   |  

Туршилтаар

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Алмагүлын нэхэмжлэлтэй, сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг

 


2006 онд Айболат, Алмагүл нар нь гэр бүл болохдоо 838 м.кв газрыг хашаалан, байшин барьж амьдарч байгаад, дараа жил нь нөхөр Айболат нь уг газраа эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргасан бөгөөд Засаг даргаас уг газрыг эзэмшүүлэхдээ тэдний  амьдарч байгаа хашаалсан газрынх нь  хэмжээнээс багаар буюу 400 м.кв газрыг Айболат, Алмагүл нарт гэх бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр захирамж гаргажээ.

2019 онд сумын Засаг даргын захирамжаар Айболат, Алмагүл нарын бодитоор хашаалан амьдарч байгаа хэдий ч 2006 оны захирамжаар тэдэнд олгогдоогүй үлдсэн 438 м.кв газрыг нөхөрийн дүү болох иргэн Есболатад эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг иргэн Алмагүл эс зөвшөөрч, шүүхэд маргажээ.

Айболат, Алмагүл нар нь 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд Айболат нь өөрийн дүүд газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжтай маргаагүй байна.

Анхан шатны шүүхээс Есболатад олгосон 438 м.кв газар нь сумын Засаг даргын захирамжаар албан ёсоор хэн нэгэнд олгогдоогүй байсан тул сул чөлөөтэй газар гэж үзэх боломжтой, иймд уг газрыг Есболатад эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруу гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүхээс  Айболат, Алмагүл нар нь сумын Засаг даргаас тэдэнд 400 м.кв газар эзэмшүүлсэн (дутуу хэмжээгээр)-тэй маргаагүй, үлдсэн 438 м.кв газрыг эзэмших талаар хүсэлтээ дахин гаргаж байгаагүй боловч бодит байдал дээр тухайн гэр бүл 838 м.кв газрыг хашаалан олон жил амьдарсан, уг 438 м.кв газар дээр байшин баригдсан, бодит эзэмшил үүссэн байхад тухайн газарт оршин суух албан ёсны хаяггүй, уг байшинг өмчлөх эрхтэйгээ нотлоогүй Есболатад бусдын хашаалсан газраас нь 428 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж,  Есболатад газар олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгов.


Шүүхийн шийдвэрүүд:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 110/ШШ2020/0065 дугаар шийдвэр, https://shuukh.mn/single_case/9925?daterange=2020-01-01%20-%202022-08-01&id=1&court_cat=3&bb=1   
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.14-ний өдрийн 38 дугаар магадлал, https://shuukh.mn/single_case/3997?daterange=2021-01-01%20-%202022-08-01&id=2&court_cat=3&bb=1
  1. УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын 2021.05.17-ны өдрийн 111 дүгээр тогтоол, https://shuukh.mn/single_case/2769?daterange=2021-01-01%20-%202022-08-01&id=3&court_cat=3&bb=1

Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.  

Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Тунгалагсайхан