Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Магадлалын хураангуй №1 Татварын маргаан

Магадлалын хураангуй №1 Татварын маргаан

2022-08-05   |   Админ   |   395   |  

Туршилтаар

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно


            Татварын улсын байцаагч нар “АДСС” ХХК-ийн 2015-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  22200600085 нөхөн ногдуулалтын актаар 105,829,038.02 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

            “АДСС” ХХК уг актыг эс зөвшөөрч “...зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй, …торгуулийг зарим хэсэгт нь 10 хэдэн хувиар, зарим хэсэгт нь 20, 30 хүртэл хувиар ногдуулсан, өнөөдрийн мөрдөгдөж байгаа 2019 онд батлагдаж 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Татварын ерөнхий хуульд татварыг хугацаандаа төлөөгүй татварт торгууль ногдуулах хуулийн зохицуулалт байхгүй” гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, татварын улсын байцаагч нар Захиргааны ерөнхий хууль болон Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын актыг батлан гаргахаас өмнө “АДСС” ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгосон, татварын хяналт шалгалт хийх талаар гомдол гаргагч компанид урьдчилан мэдэгдсэн байжээ.

Түүнчлэн, актаар ногдуулсан төлбөрийн тооцооллоос үзэхэд хуульд заасан хэмжээнээс буюу 10 хувиас хэтэрсэн торгууль ногдуулсан гэж үзэхээргүй байна гэж шүүх дүгнэв.

“АДСС” ХХК нь 2017 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдаж байсан Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд хугацаандаа хуульд заасан татварыг төлөөгүй зөрчил, тодруулбал, гомдол гаргагч компанийн гаргасан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулах, торгууль, алданги тооцох, түүний хэмжээ, үндэслэл, хариуцлагыг хуульд тодорхой тусгасан тул өнөөдрийн мөрдөгдөж байгаа 2019 онд батлагдаж 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа Татварын ерөнхий хуульд татварыг хугацаандаа төлөөгүй татварт торгууль ногдуулах хуулийн зохицуулалт байхгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн. 

Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.


Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх бол https://shuukh.mn/single_case/4686?daterange=2022-01-01%20-%202022-08-01&id=2&court_cat=3&bb=1

Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Тунгалагсайхан