Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүхийн захиргааны ажилтнууд тангараг өргөлөө

Шүүхийн захиргааны ажилтнууд тангараг өргөлөө

2022-07-08   |   Админ   |   346   |  

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.07.08/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Н.Ганбаатар болон ажлын албаны албан хаагчид, Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд орон нутгийн шүүхүүдтэй онлайнаар холбогдсон юм.

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслах Б.Бадамсүрэн төр ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа илэрхийлж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн тангаргийн бичигт гарын үсэг зуран төрийн албан хаагчийн тангараг өргөлөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнуудад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Юуны өмнө та бүхэнд төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөж, шүүхийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчдын эгнээнд орж байгаад баяр хүргэе! Өнөөдөр та бүхэн Монгол Улсын Төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, Төрийн далбаанаас адис аван эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа. Та бүхний хувьд шүүхийн үйлчилгээг иргэдэд бүтээмжтэй, хариуцлагатай байдлаар хүргэх, шүүх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын нэр хүнд, олон нийтийн итгэлийг хадгалах, ажил мэргэжилдээ мэргэших зэрэг нэн хариуцлагатай үүрэг ногдож байна. Иймд Та бүхнийг өргөсөн тангарагтаа үнэнч байж, шүүхийн захиргааны ажилд сэтгэл, зүтгэл гарган ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэлээ.


Захиргааны хэргийн завж заалдах шатны шүүхийн Тамгын газар