Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Цахимаар шүүх хуралдаанд оролцож байгаа иргэддээ талархал илэрхийлье

Цахимаар шүүх хуралдаанд оролцож байгаа иргэддээ талархал илэрхийлье

2020-12-07   |   Админ   |   133   |  

    Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед тус шүүхийн үйл ажиллагаа нь хэвийн тасралтгүй явагдаж байгаа ба хэргийн болон хэргийн бусад оролцогч нар өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалж, шүүхийн байранд олноороо ирж бөөгнөрөл үүсгэлгүйгээр дуу, дүрсний төхөөрөмж ашиглаж шүүх хуралдаанд оролцож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж байгаа та бүхэнд шүүхийн хамт олны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд нийт 46 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 14 хэрэг хэргийн  оролцогчдийн хүсэлтээр хойшилж, 32 хэргийг хянан хэлэлцсэн.

   Хянан хэлэлцсэн 32 шүүх хуралдаанд оролцсон 98 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 10, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 88 иргэн оролцов.

    Үүнээс харахад шүүх хуралдаанд оролцсон иргэдийн 88 буюу 90 хувь нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцож байгаа юм.

    Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны

шүүхийн Тамгын газар