Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь: Шүүх зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэх байдлаар асуудалд ханддаггүй

Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь: Шүүх зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэх байдлаар асуудалд ханддаггүй

2019-03-11   |   Админ   |   277   |  

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурийг “Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэл хийсэн. Иймээс үүнтэй холбоотой тайлбар авахаар шүүгч М.Батсуурьтай ярилцлаа.  

-Өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлэх үү?

-Би Хиад Боржигины Мишигийн Батсуурь. Булган аймагт төрсөн. “Шихихутаг”, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи төгссөн, хуульч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, сургууль төгссөнөөс хойш мэргэжлээрээ 20 дахь жилдээ ажиллаж байгаа. Гэр бүлтэй, дөрөв дэх хүүхдээ хүлээж байгаа, гурван хүүхдийн аав. Миний эхнэр гадаадын хөрөнгө оруулалттай компанид зөвлөгөө өгдөг хүн бий. Товчоор танилцуулахад ийм л байна.

  • МУИС-д багшилдаг, хэд хэдэн ном гаргасан гэдгээр хуульчид их мэддэг юм байна лээ.

-Тийм ээ. МУИС-ийн Хууль зүйн сургуульд 2001 онд захирал, академич С.Нарангэрэл, дэд захирал, доктор Н.Лүндэндорж нарын туслахаар ажилд орж, 2009 он хүртэл тэндээ багшилж, эрдэм шинжилгээний ажил хийсэн. Одоо ч багшлах, ном бичих ажлаа бүрэн орхиогүй байгаа. Шүүгч, хуульчдад хичээлээ заагаад, номоо гаргаад л яваа. Хамгийн сүүлд “Хуулийн сургуульд сурсан 101 зүйл” номыг гаргахад хамтран ажиллалаа. Нийт 20 гаруй ном дангаараа болон хамтран бүтээлцсэн байна. Шүүгч байнга өөрийгөө хөгжүүлэх ёстой учир эрдэм номын ажлаа хаяхгүйг хичээгээд л яваа.   

  • Яагаад сургуулиас гарч, Худалдаа хөгжлийн банкинд ажиллах болсон юм бэ?

-Би ихэвчлэн онолын хичээл зааж байсан. Учир нь хуулийн практик надад бага байсан юм. Тийм учраас сургуулиас гарахгүй, давхар ажиллах санаатай хэд хэдэн байгууллагад хандаж байснаас Худалдаа хөгжлийн банктай тохиролцож,  хөдөлмөрийн гэрээ биш, харин контракт гэрээ байгуулаад ажилласан. Энэ нь хөдөлмөрийн гэрээг бодвол богино хугацаатай, тодорхой асуудал дээр хамтран ажилладгаараа ялгаатай. Харин сургуулийн удирдлага ятгасан учир тухайн үед сургуулиа орхихоос өөр аргагүй болсон. Миний сонирхол анхнаасаа л нийтийн албанд ажиллах байсан. Тиймээс гэрээгээ дуусах үед шүүгчийн сонгон шалгаруулалтад орж, тэнцсэнээр шүүгч болсон.  

  • Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы үеэр таны талаар ярихдаа их залуугаараа карьер хийсэн гэж удаа дараа хэлж байхыг сонссон.

-Шүүгч нь УИХ-ын гишүүн шиг 25 нас хүрсэн л бол сонгогдоод, томилогдоод явдаггүй, жинхэнэ мерит буюу шатлан дэвших замаар явдаг. Өөрөөр хэлбэл, анхан, давж заалдах, хяналтын шат бүртээ шалгалтаа өгч, тэнцсэн нь дэвшээд л явдаг гэсэн үг. Миний хувьд Үндсэн хуульд заасан бүх болзлыг хангасан, давж заалдах, Дээд шүүх гээд шат бүрт нь шалгалтыг нь даваад л явсан. Сайдын хэлсэн шиг “кран” шүүхэд байдаггүй. 

  • Таны шийдвэрлэсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн талаар их яригдаж байгаа. Шүүгч хүнээс хэргийн талаар хамаагүй асууж болдог юм болов уу?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж бий. Тэнд шүүгчийг шийдсэн хэрэгтэй нь холбогдуулж хэрэг бүртгэж, мөрдөн байцаахыг хориглодог. Энэ нь шүүгч ирээдүйдээ итгэлтэй байж, айдаст автахгүй, хараат бусаар маргаан шийдэх даатгал юм. Харин шийдвэрээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бичиг үсэг тайлагдсан хүн бүр уншаад ойлгохуйц байдлаар үндэслэлээ сайтар бичиж, ил тод байлгах учиртай. Уг нь хэргийн шийдвэрийн талаар асуухаас илүү түүний үндэслэлийг тойрч ярьдаг бол шударга ёс илүү тодорно гэж боддог.

  • Гэхдээ та ярилцлага өгөхийг зөвшөөрсөн шүү дээ.

-Өмнө нь миний оролцоотой шийдвэрлэсэн хэргийн талаар гомдсон талууд янз бүрийн байр суурь илэрхийлж байсан. Би энд огт эмзэглэдэггүй. Учир нь ардчилсан нийгэмд албан тушаалтныг хардах эрх иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага хэнд ч байх ёстой гэж боддог. Шүүгч, прокурор гээд хуульчид иймэрхүү “гал авахад” сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн хүмүүс. Нөгөө талаас би жилдээ 300-400 орчим хэрэг шийдвэрлэхэд оролцдог. Ингээд бодохоор шүүгчээр томилогдсоноос хойш 3000 орчим хэрэг шийдвэрлэсэн, үүний цаана гомдсон талыг тоолж барахгүй. Өөртэйгээ зөрчилдөн хуулийн дагуу алхаа цохих үе зөндөө тохиолдоно. Гомдсон, хардсан үг болгонд хэвлэлийн бага хурал, ярилцлага, мэдэгдлээр хариу өгөөд явбал хэзээ үндсэн ажлаа хийх вэ? Энд ярилцахыг зөвшөөрсөн учир нь намайг хүнд гэмт хэрэгт холбож мэдэгдэл гаргасан. Ингэхдээ Монгол Улсын сайд болон УИХ-ын нэр бүхий гишүүд энэ мэдэгдлийг хийсэн учир би тайлбар хийх нь зөв гэж бодсон. Завсар зайгүй нүдэх бөмбөрийн нүргээн дунд лимбэ сонсогдохгүй гэдэг. Чөлөө олдсон дээр тайлбараа өгөх нь зүйтэй гэж бодлоо.        

  • Таныг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргаанд их холбоод байгаа. Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан учир ашиг сонирхлынзөрчилтэй шийдвэр гаргасан гээд байгаа л даа.

-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлыг хязгаарлах зорилготой “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэсэн урт нэртэй хууль бий. Уг хуульд ямар шийдвэр гаргахад оролцож болохгүй талаар зохицуулсан, ингэхдээ өмнө нь ямар нэгэн байгууллагад ажиллаж байсан бол хоёр жилийн хугацаанд тухайн байгууллагатай холбоотой шийдвэр гаргахыг хориглосон. Миний хувьд 2009-2011 онд Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан учир энэ заалтыг зөрчөөгүй. Шүүх хурлын үеэр ч энэ талаар хэлж, хариуцагч байгууллагуудаас асуухад татгалзахгүй гэсэн байдаг. Бас нэг зүйлийг хэлэхэд хэрэгт Худалдаа хөгжлийн банкны талаар огт байхгүй, харин “Монголын зэс корпорейшн” гэдэг компани байсан, би үүнтэй огт холбоогүй учир бас зориуд цохож асуусан байдаг. Ер нь энэ банктай холбоотой хэд хэдэн хэрэг шийдвэрлэхэд оролцсон, шийдвэрүүд нь янз бүр гараад явсан байдаг. Хэнд ч гэсэн ажил хэргийн холбоотой түүх байдаг л биз дээ.   

  • Ер нь ямар шийдвэр гарчихсан юм бэ?

-Нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд, бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн өмчлөлийн асуудлыг огт шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, төр өмчлөх үү, үгүй юу гэдэг маргаан огт биш. Харин УИХ-аас 23 дугаартай тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгож, ингэхдээ хамгийн гол нь хувийн хэвшилтэй “хэлцэл” хийх замаар шийдвэрлэхийг даалгасан. “Хэлцэл” гэдгийг Иргэний хуульд тодорхойлсон бөгөөд хуулийн сургуулийн наад захын оюутан энэ бол “тохиролцоо” хийх замаар шийдэгдэх юм байна гэж ойлгоно. Гэтэл Засгийн газар тогтоол гаргахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг шууд төрийн мэдэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгаад, үүнтэй холбоотой ТУЗ-ийг мөн төрийг төлөөлөн байгуулах үүрэг өгсөн.   

  • Тэгэхээр бүртгэлтэй холбоотой маргаан юм байна шүү дээ.

-Тийм. Шүүхийн энэ шийдвэрийг УИХ-ын гишүүд уншаагүй юм шиг байна лээ. УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц хянасан байдаг. Энэ дүгнэлтэд мөн хэлцэл хийх замаар хэрэгжүүлэхийг дурдсан байдаг. УИХ, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүч түрэх байдлаар зөрчсөн Засгийн газрын дээрх тогтоолыг зөв гэж дүгнэх боломжгүй. Улсын Дээд шүүх жишиг тогтоодог. Хэрвээ дээрх алхмыг зөв гэж шийдвэл хожим адил шийдэх учиртай. Хэрвээ нэг өглөө сэрэхэд таны нэр дээр байсан хөрөнгийн бүртгэлийг зөвшөөрөлгүй өөрчилж, эздийг нь томилоод, шүүх үүнийг Үндсэн хуульд нийцэж байна гээд шийдээд байвал хүний эрх талаасаа юу болох вэ? Зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэдэг зарчим бол социалист нийгэмд байсан. Зөв зорилгод, мөн зөв аргаар хүрэх ёстой гэсэн зарчим одоогийн хуулийн ертөнцөд үйлчилдэг гэж би хардаг. Уг нь УИХ-ын гишүүд өөрсдийнх нь баталсан тогтоолыг зөрчсөн Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож байхад харин ч шүүхэд талархмаар юм.     

  • Таныг ганцаараа энэ шийдвэрийг гаргасан мэтээр ярих юм.

-Би хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцсон болохоос ганцаараа шийдвэрлээгүй гэдгийг зориуд хэлье. Бас нэг зүйл нэмж хэлэхэд би Танхимын тэргүүний хувьд бүх шүүх хурлыг даргалдаг, түүнээс сонгож даргалдаг юм биш. Мөн хурал даргалж байгаа хүн хамгийн сүүлд зөвлөлдөх тасалгаанд саналаа хэлэх хуультай. Зарим хэрэг миний санал ч байхгүй шийдвэрлэгддэг. Тиймээс намайг удирдаад ийм шийдвэр гаргуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь худлаа. Бас намайг Худалдаа хөгжлийн банкны хуульч гэж мэдэгдээд байгаа нь ор үндэслэлгүй. Тэр банкнаас гараад удаж байна. Надад энэ банкинд хувь байхгүй, зээл байхгүй, хамаатан садан ч байхгүй.     

  • Ер нь процесс яаж явсан юм бол?

-Дээр хэлсэнчлэн энэ бол өмчийн маргаан биш, харин бүртгэлтэй холбоотой маргаан байсан. Энэ маргааныг задлаад үзвэл иргэн, захиргааны журмаар явж, гурван шатны есөн удаагийн шүүх хурал болж, тухай бүртээ шийдвэрүүд гарсан байдаг. Энэ бүх шүүх хуралд гурван шатны 27 орчим шүүгч оролцсон бөгөөд агуулгаараа бүх шийдвэр нь “Монголын зэс корпорейшн” компанийн талд гарсан. Мэдээж үндэслэл нь янз бүр учир өөрчлөлт орсон зүйл байгаа, гэхдээ үндсэн зарчмыг би дээр хэлсэн. Тэгэхээр зөвхөн М.Батсуурь удирдаад хувийн компанид үйлчилсэн зүйл огт байхгүй. Бас гурван шатны шүүх хуралд бүгдэд нь намайг оролцсон гэсэн байна лээ. Уг нь Л.Оюун-Эрдэнэ сайд хуулийн сургууль төгссөн, надаар хичээл заалгаж байсан. Гэхдээ эрдэм огт сураагүй нөхөр байна. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг үг сайдад лав тохирохгүй юм байна. Хууль төгссөн хүн ийм юм яриад явахаар хэлэх үг ч олдохгүй юм. Нэг шүүгч анхан шатны шүүх  дээр шийдвэр гаргахад оролцсон бол тэрийгээ давж заалдах, хяналтын шатанд өөрөө хянадаггүй гэдгийг жирийн иргэн ч гадарлана. Тийм зүйл хийсэн бол би шууд ёс зүйн хариуцлага хүлээе. Шат бүрт өөр шүүгч оролцож, хэргийг шийдвэрлэдэг. Шүүгч бол тангараг өргөсөн, асар их бие даасан хүмүүс байдаг. Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдийн хэн ч байсан Үндсэн хуульд тангараг өргөсөн бол дээрх шийдвэрийг гаргах байсан гэж бодож байна.

  • Төрийн мөнгөөр авсан, мөнгө угаасан гэж тайлбарлаад байгаа.

-“Монголын зэс корпорейшн” компанийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэрэгт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахдаа хэний мөнгөөр, ямар компаниуд оролцсон талаар ямар ч баримт байхгүй. Дахин дахин хэлэхэд энэ бол бүртгэлийн л маргаан. Бүртгэлийн маргаанд бүртгэл үнэн зөв явагдсан эсэх нь чухал. Харин тэр босгосон, эсхүл зээлсэн мөнгө нь хэнийх байсан бэ гэдэг нь өмчлөлийн маргаан учир иргэний журмаар, хэрвээ мөнгө угаасан гэвэл эрүүгийн журмаар шийдвэрлэгдэх ёстой. Нэг зүйлийг ойлгохгүй байгаа. Захиргааны шүүх Засгийн газрын тогтоолын зарим заалтыг хүчингүй болгохдоо дахиж ийм шийдвэр гаргаж болохгүй гэж огт хэлээгүй. УИХ-ын 23 дугаар тогтоолд нийцүүлээд дахин шийдвэр гаргах эрх бий. Хэрвээ төрийн мөнгөөр авсан гэвэл УИХ-д 23 дугаар тогтоолдоо өөрчлөлт хийх эрх мөн байгаа. Яагаад энэ алхмаа хийхгүй, бүртгэлийн  маргааныг өмч шийдвэрлэсэн болгож тайлбарлаад шүүх тойрсон хэрүүл үүсгээд байгаа нь хачирхалтай. Шүүгч бусдад таалагдах гэж биш, зөв гэж үзсэн шийдвэр гаргадгаараа зарим улс төрчдөөс ялгаатай. Хэнд ч таалагдахгүй шийдвэр гаргах үе ч байдаг. Шүүхэд сэтгэл дундуур үлдсэн хэн бүхэн ийм арга замаар эсэргүүцэл тэмцэлд уриалаад байвал юу болох бол.       

  • Эцгийн чинь компаниар 70 сая доллар орсон, гарсан, тэр компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авахад оролцсон гэсэн яриа байна.

-Үнэнийг хэлэхэд энэ талаар мэдэгдэл, нэвтрүүлэг зэргээс мэдсэн учир зориуд тодруулсан. Миний аавыг Д.Мишиг гэдэг, хүмүүс Д.Миша гэдгээр нь сайн таньдаг. Тэр компанид 2011-2015 оныг хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад ажлаа өгсөн. Ажиллаж байхад нь 70 сая долларын гүйлгээ огт хийгдээгүй. Л.Оюун-Эрдэнэ сайд эхний мэдэгдэл дээрээ энэ тухай зөв хэлсэн боловч дараа дараагийн мэдэгдэл дээр хувь эзэмшдэг, үүсгэн байгуулсан гээд бүүр хадуураад явсан. Энэ тухай ааваас асуухад огт мэдэхгүй, АТГ-т ч гэсэн мэдүүлгээ ингэж өгсөн. УИХ-ын гишүүдийн хэлж байгаачлан тэр компанийг үүсгэн байгуулаагүй, хувь эзэмшдэггүй, Баатар гэдэг ганц хүний нэр дээр байдаг компани юм билээ. Миний аав энэ компанид ажиллах байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой ямар ч үйл ажиллагаанд оролцож байгаагүй, огт холбоогүй гэдгийг цохон хэлье.      

  • Ажлаа яагаад өгсөн юм бол?

-Эрүүл мэндийн шалтгаанаар. Миний аав энэ жил 71 нас хүрч байна. 1977 онд Дулааны гуравдугаар цахилгаан станцад слесариар ажилд орсноос хойш тус станцын ерөнхий инженер, үйлдвэрийн дарга, Эрчим хүч, хүнд үйлдвэрийн дэд сайд болтлоо дэвшин ажилласан. Мэдэгдэл хийгээд байгаа зарим хүмүүс шиг даргын цүнх барьж гүйгээд сайд болоогүй. 1996 оны сонгуулийн дараа ажлаа өгөөд бизнест хөл тавьсан. Үүнээс хойш 2015 он хүртэл ажилласан, одоо гэр зуур байгаа. Сая битүүний өдөр хагалгаанд ороод тэнхэрч ядаж байхад нь УИХ-ын гишүүд удаа дараа худал мэдэгдэл хийгээд, АТГ-аас асууж байцаагаад тиймхэн л байгаа. Гэхдээ гэмт хэрэг хийсэн биш, удахгүй үнэн тодроод л гараад ирнэ. Худал сүржин болов ч хоосон, үнэн алгуур болов ч жинтэй гэдэг үг байдаг даа.    

  • Хэрвээ та энэ асуудалд хамааралгүй юм бол яагаад нэр бүхий УИХ-ын гишүүд дахин дахин мэдэгдэл хийгээд байгаа юм бол?

-Намайг АТГ-т өгнө гэж гурван удаа хурал хийлээ. Одоо өгч байгаа, өгчихлөө гээд хэдэн ч хэвлэлийн бага хурал хийх юм бүү мэд. Үүнийг хүлээлгүйгээр энэ 70 сая долларын хэрэгт холбоотой эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан буюу намайг Худалдаа хөгжлийн банкны хуульч болгож харагдуулаад байгаа асуудлуудаар АТГ-т би өөрөө хандаж байгаа. Иргэний журмаар ч гэсэн нэр төрөө сэргээлгэнэ. Ард түмний элч болсон УИХ-ын гишүүд хагас дутуу, худлаа мэдээлэлд суурилж, иргэдээ төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Хуулийн байгууллага хараат бусаар ажиллах боломжийг олгоосой гэж хүсч байна. Үүнээс илүүтэй өөр ашиг сонирхол байх вий гэдэгт би санаа зовж байна.  

  • Тухайлбал, ямар ашиг сонирхол?

-Богино хугацаандаа хуулийн байгууллагуудын удирдлагыг ямар нэгэн зүйлтэй холбон буруутгаж байгаад солиод, өөрсдийн хүнийг байршуулах. Болж байгаа үйл явдлыг хараад байхад Ерөнхий прокуророос ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой нэр бүхий гишүүдийн асуудлыг УИХ-д оруулах болгонтой зэрэгцээд хуулийнхныг харлуулах юм яваад байгаа нь тун хачирхалтай. Мэдэгдэл хийгээд байгаа гишүүд өөрсдөө ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар огт дуугарахгүй байгаа нь бас сонин. Над руу чиглэдэг нь ч тохиолдол биш гэж бодож байгаа. ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг эрүүгийн журмаар явж дийлэхгүй байгаа учраас хэсэг хуульч үүнийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байсныг би дөнгөж мэдсэн. Уг нь шүүгчид нөлөөлсөн бол албан тушаалтныг 10 жилийн хугацаанд нийтийн албанд томилохгүй гэсэн хууль үйлчилж байсан. Харамсалтай нь Зөрчлийн хуульд оруулах нэрийн дор алга болгосон. Одоо ч шүүгчид рүү дайрах, нөлөөлөхөд улс төрчдөд асуудалгүй болсон доо.

  • Алсдаа ямар ашиг сонирхол байна гэж?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал явж байгаа. Үүнд шүүгчдийг хугацаатай томилох талаар төсөлд тусгасан байна лээ. Энэ нь одоо байгаа Үндсэн хуулийн ололтоос ухраад зогсохгүй, НҮБ-ын баталсан “Шүүгчийн хараат бус байдлын зарчим”-ыг зөрчсөн зүйл болно. Дэлхий үүнийг туршаад болохгүй гэдгийг ойлгосон учир НҮБ-ын түвшинд чуулж, батлуулсан нь дамжиггүй. Шүүгч хугацаатай томилогдоно гэдэг нь үндсэндээ “даалгавар”-тай томилогдоно гэсэн үг. Хэрвээ даалгавар муу хийвэл дахиж томилогдохгүй. Мөн прокурорыг Ерөнхий сайдын мэдэлд буюу гүйцэтгэх эрх мэдэлд харьяалуулах санал орсон нь тун буруу гэж бодож байна. Манай Үндсэн хуулиар Ерөнхийлөгч намаас биш, бүх ард түмнээс сонгогдож, бүрэн эрхийн хугацаанд намын харьяаллаа түдгэлзүүлж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг өөрөө хэрэгжүүлдэггүй учир шүүгч, прокурорыг томилох онцгой бүрэн эрхийг олгосон гэж харж байгаа. Энэ нь ч зөв гэдгээ харуулж байна.  Монгол Улсын Төрийн тэргүүн шүүгч, прокурорыг дуудаж хэрэг яаж шийдвэрлэх талаар даалгавар өгсөн гэж би лав сонсоогүй, надад ч тийм үүрэг даалгавар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч өгч байгаагүй. Тиймээс Ерөнхийлөгчид байгаа энэ эрхийг Ерөнхий сайд буюу угтаа ялсан намын даргад өгөх нь том ухралт. Дээрх өөрчлөлтийг хийхийн тулд шүүх эрх мэдлийг харлуулж байх вий гэж санаа зовж байна.   

  • Хэвлэлээр шүүгчдийн талаар янз бүрийн зүйлс л явах юм.

-Шүүх бол ардчилсан нийгмийн хамгийн сүүлчийн цайз. Энд худалд туйлдсан хүн үнэнийг эрж ханддаг. Энэ цайз ард түмний итгэл дээр л зогсож байдаг. Энэ итгэлийг эргүүлбэл шүүхийг нурааж, өөрийнхөөрөө шүүхийг байгуулахад л амархан болгоно. Хэрвээ хуульч хүн, тэр дундаа шүүгч гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн зөрчил гаргасан бол хуулийн хариуцлага зайлшгүй хүлээх ёстой. Тэр нэр дурдагдаад байгаа шүүгч нар өөрсдийн асуудлаар АТГ-т тайлбар, мэдүүлгээ өгөөд явж байгаа гэж сонссон. Мэдээж хүн л болсон хойно шүүгч, прокурорт алдаа байхыг үгүйсгэхгүй. Түүнээс санаатай муу зүйл хийгээд явдаггүй байх. Үүнийг засах, сайжруулахын тулд УИХ, Засгийн газартай хамтрахад үргэлж бэлэн. Үйлийн үр гэж юм бий. Зөв, буруу хэзээ нэг цагт тунгаагдана. Шүүгчид гэмтэй бол үүнийгээ ч мөн л үүрнэ. Эцсийн эцэст бид чинь шүүгч байна уу, УИХ, Засгийн газрын гишүүн байна уу ялгаагүй, Эрлэг Номун хааны өмнө тэгш эрхтэй л нүглээ шүүлгэнэ шүү дээ.      

  • Ярилцсанд баярлалаа.

 

“Өнөөдөр” сонин 2019.03.11 №047(6592) нийтлэгдсэн.