Хураангуй бэлтгэсэн:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 221/МА2024/0688
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Хэргийн тухай товч:
Дорноговь аймаг Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын Ардчилсан Намын хорооноос нэр дэвшүүлсэн Б.М, З.Ц нарыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэжээ.
Улмаар Дорноговь аймаг Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор сумын Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн Б.М, З.Ц нар нь Монгол Ардын намын хорооны гишүүнээр элссэн бөгөөд Монгол Ардын намаас гарсан тухай баримт байхгүй гэж үзээд нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан байна.
Б.М, З.Ц нараас уг шийдвэрийг эс зөвшөөрч, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны “Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0020 дугаар шийдвэрээр: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.5 дахь хэсэг, Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М, З.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэр дэвшигчийн жагсаалтаас хассан сумын Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Хариуцагч сумын Сонгуулийн хороо анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Б.М, З.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хууль хэрэглээ, шүүхийн магадлал:
3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5. “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно”, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7. “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэж тус тус хуульчилсан.
4. Нэр дэвшигч нь өөр нам эвсэлд бүртгэлтэй бол намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцохоор байхад нэхэмжлэгч Б.М, З.Ц нар нь Монгол Ардын намын гишүүн бөгөөд намаас гарах тухай өргөдөл гаргалгүйгээр Ардчилсан Намаас сонгуульд нэрээ дэвшүүлсэн болох нь МАН-ын гишүүнийг бүртгэх хуудас болон нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь гарын үсэгтэй цахим бүртгэлийн анкет зэргээр тус тус тогтоогдсон.
5. Нэхэмжлэгч нараас “Бид Монгол Ардын Намын гишүүн биш” гэж маргах боловч Монгол Ардын Намын гишүүн мөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхаас гадна Монгол Ардын намаас гарсан тухай баримт байхгүй энэ тохиолдолд иргэн Б.М, З.Ц нарыг Монгол Ардын намын гишүүн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгч нар нь Монгол Ардын намд гишүүнээр элссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, эдгээрийг үгүйсгэх баримтыг нэхэмжлэгч нараас хариуцагч Сонгуулийн хороо болон шүүхэд гаргаж өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү