Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Магадлалын хураангуй №7 Маргаан бүхий акт нь бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй бол захиргааны шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзнэ

Магадлалын хураангуй №7 Маргаан бүхий акт нь бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй бол захиргааны шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзнэ

2023-03-27   |   Админ   |   247   |  

Туршилтаар


Шийдвэрийн дугаар: 2022.11.30-ний өдрийн 221/МА2022/0745 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2023 он 03 сар 14 өдөр, шийдвэр-хураангуй: дугаар 7


      Нэхэмжлэгч “Э” ХХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Албан бичгийн хариу” №А-1/84 тоот албан бичгийн “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

     Анхан шатны шүүхээс уг албан бичгийн маргаан бүхий хэсгийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын эрх үүрэгт  хамааралгүй асуудлаар хариу өгсөн гэж үзээд  илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

     Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд дээрх акт нь Хавдар судлалын үндэсний төвөөс Төрийн өмчийн, бодлого, зохицуулалтын газрын даргад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Зөвлөмж зөвшөөрөл авах тухай” 01/73 албан бичгээр “...Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болох 5.800.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг бусдын өмчийн түрээсийн байранд суурилуулж болох” талаар зөвлөмж хүссэн хүсэлтийн хариуд ирүүлсэн албан бичиг байна.

     Хэдийгээр нэхэмжлэгч этгээд уг албан бичигт дурьдагдсан хэсэг нь ихээхэн үр дагаврыг бий болгосон, гуравдагч этгээдийн зүгээс түрээсийн гэрээ байгуулах үүргээ биелүүлэхгүй байх, улсын төсөвт суусан мөнгийг зориулалтын бусаар зарцуулах үндэслэл болсон, түүнчлэн санхүүгийн маш их хэмжээний хохиролд хүрсэн, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг албан бичгийн маргаан бүхий хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг шууд хөндөх үр дагаврыг үүсгэсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй, харин эдгээр нь гуравдагч этгээд болох Хавдар судлалын үндэсний төв уг зөвлөмжийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай нь холбогдуулан гаргах үндэслэлд хамаарахаар байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан А-1/84 тоот албан бичгийн холбогдох хэсгийг илт хууль бусд тооцсноор нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

     Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байж болзошгүй, хуульд зааснаар захиргааны актын шинжүүдийг бүрэн хангасан маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянадаг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар маргаж буй асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай.

     Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Энэр мед” ХХК, “Ачлал трейд” ХХК-иудаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Албан бичгийн хариу №А-1/84 тоот албан бичгийн “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтад заасны дагуу байгууллагын зөвшөөрөлгүй бусдад үнэ төлбөргүй шилжүүлэхийг хориглодог” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн.


   Санамж:

      Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: www.shuukh.mn

Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа