Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Магадлалын хураангуй №2 Иргэн Н.Дашзэвэгийн нэхэмжлэлтэй хэргийн талаар

Магадлалын хураангуй №2 Иргэн Н.Дашзэвэгийн нэхэмжлэлтэй хэргийн талаар

2023-01-16   |   Админ   |   200   |  

Туршилтаар

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


       Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (тухайн үеийн нэрээр) нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “А” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг баталж, 2017 онд 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгосон, уг зөвшөөрлөө 2017 ондоо “ … барилгын суурийг шилжүүлэн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож,  мөн ондоо “...тус барилга нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан хэмжээнд барилга угсралтын ажлаа гүйцэтгэж байгаа нь тогтоогдсон…” гэсэн үндэслэлээр буцаан сэргээж, энэ талаар “А” ХХК болон гомдол гаргагч иргэн Н.Дашзэвэгт 05/3420 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

      Иргэн Н.Дашзэвэгээс нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан, тус газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан “А” ХХК-ийн “барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө”-г болон тус газраас түүнд хаяглан ирүүлсэн дээр дурдсан 05/3420 дугаар “албан бичиг”-ийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... эдгээр актууд нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэх агуулгаар маргажээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх тул захиргааны акт “илт хууль бус” эсэх талаар дүгнэж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй юм.

      Энэ хүрээнд, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, хариуцагчаас “А” компанид олгосон барилгын ерөнхий төлөвлөгөө болон тус компанийн барилгын ажлын зөвшөөрлийг сэргээсэн албан бичиг нь “хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан” гэх үндэслэлд хамаарахгүй тул “илт хууль бус” захиргааны акт болохгүй гэж дүгнэн Н.Дашзэвэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

      Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Дашзэвэгийн гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “маргаан бүхий актуудаар хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, 6 хууль зөрчсөн” гэх агуулгатай гомдлыг хангах боломжгүй гэж үзсэн.

      Учир нь, Захиргааны ерөнхий хуульд (47 дугаар зүйлийн 47.1-д) “захиргааны акт илт хууль бус байх” шинжийг тодорхой, нарийвчлан заасан. Гэтэл нэхэмжлэгч Н.Дашзэвэгийн маргаж буй захиргааны байгууллагын шийдвэрүүд нь дээрх хуульд тусгайлан заасан захиргааны акт “илт хууль бус” байх аль ч шинжийг агуулахгүй, нэхэмжлэгчийн маргаж байгаачлан эдгээр актууд нь захиргаанаас “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэхгүй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

      Нэхэмжлэгч Н.Дашзэвэгээс “ … шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэх агуулгатай гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаас “хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй” гэж үзэн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол гаргаснаар шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна.


Шүүхийн шийдвэрүүд:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.06-ны өдрийн 128/ШШ2022/0555 дугаар шийдвэр

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.19-ний өдрийн 221/МА2022/0668 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.


Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн