Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Процессын хураангуй №4 Татварын маргаан таслах зөвлөлийн зарим тогтоол захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй

Процессын хураангуй №4 Татварын маргаан таслах зөвлөлийн зарим тогтоол захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй

2022-11-17   |   Админ   |   1021   |  

Туршилтаар

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


 Шийдвэрийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2022/0554 дүгээр магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


     Орхон аймгийн Татварын улсын байцаагч нараас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн НА-20210000053 дугаар нөхөн ногдуулалтын актаар “А” ХХК-д 823 117 418,40 төгрөгийн зөрчилд нийт 86 554 170,23 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч “хуульд заасан 30 хоногийн хугацааны дотор харьяалан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй” бөгөөд “А” ХХК-иас “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан гэх үндэслэлээр Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хүсэлт гаргасныг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлсон боловч үүнийг нотлох баримт байхгүй” гэх үндэслэлээр “нөхөн ногдуулалтын актад холбогдуулан гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай” хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгч “А” ХХК-иас дээрх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан “Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох, гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

     Татварын Маргаан таслах зөвлөлийн тухайд татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акттай холбогдуулан гаргасан гомдлыг хүлээн авч, татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд энэ талаарх шийдвэр нь тогтоол хэлбэртэй байхаар хуульчилсан.

     Гэтэл нэхэмжлэгч “А” ХХК-иас татварын акттай холбогдуулан хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй, мөн Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 03 дугаар тогтоол нь татварын акттай холбогдуулан гаргасан гомдлыг хянаад гаргасан шийдвэр биш, зөвхөн татварын акттай холбогдуулан “гомдол гаргах хугацааг сэргээлгэх” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул уг тогтоолыг “Захиргааны акт” гэж үзэх боломжгүй, Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахааргүй байна.

     Анхан шатны шүүхээс “А” ХХК-иас гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх дүгнэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.


Шүүхийн шийдвэрүүд:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.07-ны өдрийн 119/ШШ2022/0021 дугаар шийдвэр, https://shuukh.mn/single_case/10071?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.17-ны өдрийн 221/МА2022/0554 дугаар магадлал, https://shuukh.mn/single_case/5171?daterange=2022-01-01%20-%202022-11-16&id=2&court_cat=3&bb=1


Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн