Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Процессын хураангуй №2 “А.Н” УТН-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Процессын хураангуй №2 “А.Н” УТН-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

2022-10-03   |   Админ   |   207   |  

Туршилтаар

Шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.


Шийдвэрийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.9.14-ны өдрийн №740 дүгээр тогтоол

Шийдвэрийг төлөв: Хүчин төгөлдөр болсон


       “А.Н” УТН-аас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” дүгнэлт болон тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “... дээрх дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар өөрчилж маргасан байна.

      Анхан шатны шүүх “... “... нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна” гэж үзээд “... дээрх бүртгэл болон шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

      Шүүх гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү шийдвэрлээгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзнэ.

      Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эцсийн байдлаар тодорхойлсон “... дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр буюу “... илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд нэхэмжлэгчийн эцсийн байдлаар тодорхойлсон “... хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.


Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


      Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн