Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүхийн тухай хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Шүүхийн тухай хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

2020-10-07   |   Админ   |  

       “Монгол Улсын Шүүхийн тухай хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг” өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “Ханнс-Зайделийн сан” хамтран зохион байгуулсан юм.
       Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Ц.Сандаг-Очир болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Ажлын албаны нэгжийн удирдлагууд, Нийслэл болон орон нутгийн бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын төлөөлөл нийт 80 гаруй хүн оролцлоо.
 
       Хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр нар нээж үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүссэн юм.
       Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийн харьцуулсан танилцуулгыг хийв.

       Хэлэлцүүлэгт оролцсон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан саналаа чөлөөтэй илэрхийлж, УИХ-ын Ажлын хэсгийн гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.
       Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын саналыг тусгуулахаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад хэлэлцүүлэгт оролцогчид талархал илэрхийлж байв. Төгсгөлд нь Улсын Их Хурлын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэлцүүлгийг өндөр ач холбогдолтой болсныг онцлоод шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын тодорхой саналыг холбогдох хуулийн төсөлд тусгах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс