Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

2020-06-19   |   Админ   |   168   |  

     Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд тус тус холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөв. Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн юм.

     Шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Дашрамд сануулахад, Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авсан байдаг.

     Шүүх нэхэмжлэлийг хүлээж авсны маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 27-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан. 

  • Хариуцагч СЕХ 2020.05.28-нд шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2020 оны 06 дугаар сарын 02-нд хариу тайлбар ирүүлсний дагуу 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.
  • Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.Энхбаяраас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, ял шийтгэлийн тэмдэглэлд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг  даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүхээс Цагдаагийн ерөнхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан.
  • 2020 оны 06 сарын 5, 6, 7 нийтээр амрах амралтын өдөр таарсан тул шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан.
  • Цагдаагийн ерөнхий газраас 2020.06.12-ны өдөр хариу тайлбар ирсэн тул 2020.06.15-нд Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүх хуралдааныг 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад товлосон.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ