Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

2020-06-15   |   Админ   |   150   |  

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.06.15/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэвлэлийн бага хурлаар Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, Улсын Их Хурлын сонгуулийн маргаантай холбоотой хэргүүд болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшсэн зарим хүнд холбогдох шүүхийн шатанд байгаа эрүүгийн хэргийн талаар мэдээллээ. Холбогдох мэдээллийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбат, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Гэрэлтуяа нар хийсэн юм.

 

Хэвлэлийн бага хурлын 45 хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжиллаа.  

 

 

Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргүүдийг шүүхээс шийдвэрлэсэн байдал 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 хэрэг байна.

  1. Н.Энхбаяр ЦЕГ-т холбогдуулан нэхэмжлэлийн  шаардлагаа нэмэгдүүлэв

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.06.15-ны өдөр 09 цаг/ Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад зарласан байна.

  • Н.Энхбаяраас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 5.26-нд шүүх хүлээж авсан. 5.27-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан. 
  • 5.28-нд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 6.02-нд хариу тайлбар ирүүлсний дагуу 6.04-ний өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Тус урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.Энхбаяраас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учраас Цагдаагийн ерөнхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан.
  • 6 сарын 5,6,7 нийтээр амрах амралтын өдөр байсан учраас шүүхээс 6.8-нд хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан.
  • 6.12-ны өдөр буюу өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас хариу тайлбар ирсэн.
  • Одоо 6.15-нд Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлэг болсон. 
  • 6.19-ний 15.30 минутад шүүх хуралдаан товлосон.

 

 

  1. Л.Наранбаатарын шүүх хурал маргааш /2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагт/ болно

 

“Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.06.12/ 16 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Шүүх хуралдааны үеэр Шагдарын Ганболдын гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангаж, улмаар холбогдох ажиллагааг явуулахаар тус шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 15 цагт хийхээр товлолоо.

Шийдвэрлэсэн 3 хэргийн тухайд:

 

  1. Д.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв

 

Д.Алтанхуягийн “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 86 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оын 05 дугаар сарын 27-нд хүлээж аваад, 5 дугаар сарын 28-нд захиргааны хэрэг үүсгэж, 2020 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

  • Д.Алтанхуягаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 5.27-нд шүүх хүлээж авсан. 5.28-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан. 
  • 5.29-нд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 6.02-нд хариу тайлбар ирүүлсний дагуу 6.03-ны өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааныг хийхээр товлон зарласан /6 сарын 5,6,7 нийтээр амрах амралтын өдөр байсан/
  • 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримтуудыг гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн.
  • 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэгч Д.Алтанхуягийн “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 86 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
  1. Бие даан нэр дэвшигч Н.Баярмаа

 

Иргэн Н.Баярмаагаас “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Н.Баярмааг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 73 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,  Н.Баярмааг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг зөвшөөрөх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авч,

  • 2020.5.28-ны өдөр шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан. 
  • 6.2-нд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 6.04-нд хариу тайлбар ирүүлсний дагуу 6.08-ны өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.
  • 6.9-нд шүүх хуралдаанаа хийж, ЗХШХШТХ-ын 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
  • 6.12-нд шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч хариуцагчид гардуулсан.

 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхээс  нэхэмжлэгч, хариуцагч шүүхийн шийдвэрийг 2020 оны 06 дугаар сарын 12-нд гардуулсан байна.

 

 

5. Ц.Сандуйн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв

 

Ц.Сандуйн нэхэмжлэлтэй, “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.Сандуйг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020.05.28-ны өдөр хүлээж авсан .

  • 2020.06.02-ны өдөр шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан.
  • 2020.06.03-ны өдөр хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авч,
  • 2020.06.08-ны өдөр хариу тайлбар, холбогдох баримтуудыг ирүүлсэн.
  • 2020.06.08-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг талуудыг оролцуулан хийж, 2020.06.12-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан.
  • 2020.06.09-ний өдөр гуравдагч этгээдээр Б.Алтанхуяг, Монголын Ногоон Нам нарыг татаж, 2020.06.10-ны өдөр шүүхэд дуудаж,
  • 2020.06.11-ний өдөр гуравдагч этгээд нар
  • 2020.06.12-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

Татгалзсан 4 хэрэг:

 

  1. Хөгжлийн хөтөлбөр намын гишүүн Н.Эрхэмбаяраас “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 3-2/150 тоотыг хүчингүй болгож, сонгогдох эрхийг сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 

-           Н.Эрхэмбаяраас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 6.4-нд шүүх хүлээж авсан. 6.4-нд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоосон.

-           6.10-нд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсантай холбогдуулан хариу тайлбар ирүүлсэн.

-           Шүүгчийн 2020.06.11-ний өдрийн захирамжаар ЗХШХШТХ-ын 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.

 

2. Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос “Сонгуулийн ерөнхий хорооны 2020.05.26-ны өдрийн МАН-аас нэр дэвшигч Г.Амартүвшинг нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхийн нэхэмжллэлийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүх хүлээж аваад, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн, хуулийн этгээд захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Нам ... сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ”, 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасан бол батламж олгоно” гэж заасны дагуу намаас сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлсний дагуу Сонгуулийн ерөнхий хороо намыг бүртгэж, нам сонгуульд гишүүдээсээ нэр дэвшүүлдэг байна.

Энэ тохиолдолд намын анхан шатны байгууллага болох дүүргийн намын хороо нь “...Монгол Ардын намаас хууль зөрчиж олонхийн саналаар нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчиж түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн байна” гэж Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн Г.Амартүвшингийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Тодруулбал Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэх тохиолдолд Улсын Их Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам буюу Ардчилсан нам өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

Хэдийгээр нэхэмжлэл гаргагч Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос нэхэмжлэлдээ Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргасан байх боловч уг асуудаар нэхэмжлэл гаргах эрхийг Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороонд тусгайлан олгосон итгэмжлэл байхгүй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

 

3. Иргэн Н.Харьболдын “ “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслийн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт хуурамч болохыг тогтоож, тус эвслийн нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах тухай” нэхэмжлэлийг шүүх 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020.06.10-ны өдрийн Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.

Н.Харьболдын Нэхэмжлэлийн агуулга, түүнд хавсаргасан баримтаас үзвэл Л.Наранбаатартай холбоотойгоор Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 416 дугаар байрны 124 тоотод оршин суугч, иргэн Н.Харьболдоос нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

Учир нь иргэн Л.Наранбаатарын сонгуульд нэр дэвшсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, өөрөөр хэлбэл хэн нэгэн этгээд улс төр, эдийн засгийн зэрэг хуулиар хамгаалагдаагүй ашиг сонирхлын үүднээс өөртөө ямар нэгэн давуу байдлыг бий болгох зорилгоор шүүхэд хандах боломжгүй. Нэхэмжлэгчийн тэрхүү субьектив эрх нь захиргааны үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн байх ёстой.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж хуульчилсан байх тул иргэн Н.Харьболдоос гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

  1. Н.Харьболдын “ “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслийн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт хуурамч болохыг тогтоож, тус эвслийн нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах тухай” нэхэмжлэлийг шүүх 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020.06.12-ны өдрийн Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.

 

Нэг нэхэмжлэл хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дуусаагүй байна.

 

“Бат бэх ремикон” ХХК-ийн “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн С.Гал-Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн 91 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг 2020 оны 06 дугаар сарын 11-нд хүлээж авсан. Нэхэмжлэл хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дуусаагүй байна.

 

 

 

Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшсэн зарим хүнд холбогдох,

шүүхийн шатанд байгаа эрүүгийн хэргүүд

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

            1.Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаа /Улсын Их Хурлын гишүүн/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Одоогийн байдлаар шүүх хуралдааны тов зарлагдаагүй байна.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

1.Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цаг хүртэл хойшлууллаа. 

Шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбат болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, шүүгдэгч Б.Отгонбаатар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэжээ.

            Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

            Нөгөөтэйгөөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Отгонбаатарын төрийн сангийн 1009 0000 5406 дугаартай дансанд байршуулсан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж, шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн прокурорын газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг тус шүүх энэ оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08:30 цагт хэлэлцэж, шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн.   

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

1. Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэг 02 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан талуудын хүсэлтээр 2 удаа хойшлогдож,  04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан. Уг шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласан боловч талуудын хүсэлтээр 2 удаа хойшлогдоод байна. Дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 29-ний 10:00 цагт  товлосон.

Таслан сэргийлэх арга хэмжээ: Шүүгдэгч Э.Бат-Үүл, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Д.Оюунжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч А.Гантулга, Ё.Гэрэлчулуун, Б.Мөнхтөр нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2. НПГ-с яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт  холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020-03-23-нд хүлээн авсан. Нийт  461 хавтас хэрэг ирсэн.

2020.04.06-ны өдөр Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан. 2020.04.29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2020.05.05-ны өдөр тогтоож, шүүх хуралдаан 2020.05.11-ний өдөр хүртэл хойшилж, 2020.05.11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, 2020.05.25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон. 2020.05.25-ны өдөр шүүх хуралдаан тус тус хойшилсон.

 

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан тул тус тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт товлосон байна. 

Шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус өөрчилж, тэдгээрийг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,  шүүгдэгч С.Баярт урьд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Бямбасайхан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан байна.

Харин шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн шийдвэрлэсэн байна.

 

3. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг 05 дугаар сарын 28-ны өдөр болж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Нямдаваа болон Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарласан.

Мөн шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нарын зүгээс шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэрэг 2020.04.20 ны өдөр шүүхэд шилжиж ирсэн. 2020.04.24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. 2020.5.8-ны өдөр 10 цагт болсон шүүх хуралдаанаар шүүгдэгчийг өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхардсан учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан, 05.22 ны өдөр болсон шүүх хуралдаанаар Бат-Ялалт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдаан хойшилж, 5.29 ний өдөр болсон шүүх хуралдаанаар Х.БатЯлалт нь А.Мөнхбат өмгөөлөгчийг шинээр авч А.Мөнхбат өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан нийт 3 удаа хойшилсон байна. Шүүх хуралдаан 2020.06.17-ны өдрийн 10:00 цагт товлогдсон байна.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс