Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“Хуульчийн про боно өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ

“Хуульчийн про боно өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ

2019-04-26   |   Админ   |   120   |  

     Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

     Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатарт болон 21 аймагт "Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.

    Тодруулбал, Сүхбаатарын талбайд зохион байгуулах өдөрлөгт гавьяат хуульч С.Нарангэрэл, Ж.Амарсанаа, Г.Оюунцэцэг, ахмад хуульч Д.Тунгалаг, Т.Гариймаа, Д.Мөнхтуул, Д.Цэвээнцэрэн, З.Цэнгэнбаяр, Я.Нямжав, С.Цэдэндамба болон Хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх бол нотариатчид бүх төрлийн баримт бичгийн хуулбарыг үнэ төлбөргүйгээр гэрчлэх юм.

     Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, Шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно. Татварын ерөнхий газраас Татварын шинэ хууль, тогтоомжийн талаар танилцуулга мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгоно. Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын хууль, тогтоомж болон "Нийгмийн даатгал” апликэйшнийг танилцуулах юм.

     Өдөрлөг 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбай, 21 аймагт зохион байгуулагдах болно. Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

     Мөн тус өдөр хорих ангид ял эдэлж байгаа ялтан иргэдэд хууль зүйн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт явуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

     Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийн хувьд бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих үйл ажиллагааг сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээ нь жил бүр уламжлал болон явагдах юм.