Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“Монгол Улсын шүүхээс төрсөн гавьяат хуульчид” ном хэвлэгдэн гарлаа

“Монгол Улсын шүүхээс төрсөн гавьяат хуульчид” ном хэвлэгдэн гарлаа

2019-04-02   |   Админ   |   470   |  

         Монгол Улсад орчин цагийн шүүхийн байгууллага үүсэж хөгжөөд эдүгээ 93 дахь жилтэйгээ золгож байна. Шүүхээс төрсөн гавьяатуудын тухай ном бүтээгдэж байгаагүй бөгөөд гавьяатуудынхаа амьдрал, амжилтын буухиагаар энэ салбарын үүсэл, хөгжлийг дүрслэн буулгаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойгоор Жанчивдоржийн Бямбацогт, Оросоогийн Зандраа нар номыг бүтээжээ.

        Энэ номыг бүтээгчид гавьяат хуульчдын намтар түүх, хууль зүйн салбарт оруулсан хувь нэмэр, үлдээсэн өв, ховор нандин зураг тэргүүтнийг эрэн сурвалжилж, хэн ч уншсан сонирхолтой, залуу хуульчдад сургамжтай, ийм л хүмүүс гавьяатын жинхэнэ эзэд байдаг гэдгийг харуулахыг зорьжээ. Үүний зэрэгцээ энэ номд шүүхийн байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан эрхмүүдийг онцолсон нь шүүхийн түүхийн намтар судлалын төрөл зүйлд хамаарах, эх сурвалжийн ач холбогдолтой бүтээл болсон билээ.

         Монгол Улсын шүүхийн байгууллагад ажиллаж байсан, гавьяат хуульчид цөөнгүй байгаа боловч БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдэд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлснээр гавьяат хуульч цол хүртэгсдийн хүрээнд номыг бүтээжээ.

     Номын зохиогчид энэ номыг бүтээхдээ хүмүүсийн хувийн архиваас эхлэн архивын сан хөмрөг, сонины шарласан хуудсуудыг ч уйгагүй шүүж, номд багтсан гавьяатуудын талаарх мэдээ, сурвалжилгыг олж нэгтгэсэн нь нөр их хөдөлмөр гэлтэй.

       Энэ номд багтсан гавьяат хуульчдын намтрыг харахад нийгмийн амьдралын тал бүрийн хүрээнд хүч сорьж, амьдралын мөн чанарыг биеэр туулж, тал бүрийн өргөн мэдлэгтэй хүмүүсийн намтар түүх, туулсан замнал, бүтээсэн өв соёлтой, хойч үедээ танилцах боломж олгожээ.

           Ийнхүү уг бүтээлийг таны оюуны мэлмийд толилуулж байгааг хүлээн авна уу.

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР